card

 

Юм бүхэн хувь ерөөлтэй. 2009 оны зун эмнэлгийнхээ гуанз руу алхаж явтал нэг япон хүнтэй таарлаа. Эмнэлэг сонирхож явна гэнэ. Токиогийн 1000 ортой эмнэлгийн мэс засалч, профессор Ямамото гэдэг хүн ажээ. Надад нэг ном дурсгалаа. Кен Такасаки гэдэг эрдэмтний туурвисан элэгний мэс заслын техник, арга зүйн тухай англи хэлээр гаргасан ном. Элэгний төвд байрласан хавдрыг тайрах аргыг дэлгэн харуулжээ. Үүр цайтал уншлаа. Жиле багш минь ч тэр үед хийж чадахгүй байсан мэс заслын арга технологийг нээнContent

бичсэн байв. Монголдоо энэ япон технологиор 800 гаруй мэс засал хийлээ. Дараа жилийн хавар нь Жиле багш Монголд ирэхдээ япон арга туршлагыг хамгийн зөв, хамгийн хялбар зам байна, Европт нэвтрүүлье гэж хэлсэн юм. Парист болсон элэгний мэс засалчдын хуралд илтгэл тавьж, энэ аргыг хэрхэн хэрэглэсэн тухайгаа Америкийн том сэтгүүлд өгүүлэл бичиж хэвлүүллээ. Японы арга туршлагыг амьдралд нэвтрүүлж, Европт түгээн дэлгэрүүлсэн гэж Токиогийн Эмэгтэйчүүдийн их сургууль надад докторын зэрэг цол олгосон юм.

 

2010 онд Францын мэс заслын академийн хүндэт гишүүн болсон маань элэг бүтэн Монголын төлөө зүтгэх илүү их үүрэг хариуцлага хүлээлгэсэн. Дэлхийн монгол эмч нарыг төрүүлэх давхар ачаа үүрсэн гэж боддог. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эцэг Макүчи профессортой ч Парист танилцсан. Уулзах нь битгий хэл гар барихад ч амаргүй. Харин Жиле багш минь хэлж өгснөөр ийм завшаан олдсон. Сумогийн хорхойтон профессор тэр үед бяр хүчээ ид гайхуулж

байсан Асашёорюү Дагвадоржийг их биширдэг нь ч надад дөхөм үзүүлсэн. Нэг монгол хүний амжилт нийт Монголын элэг бүтэн амьдралд тус болсон гэж хэлмээр ч юм уу. Макүүчи профессор дараа нь Монголд ирсэн. Хагалгаа хийж, Ланд 200 машины үнэтэй хоёр эхо бэлэглэсэн. Япон хүн нөхөрлөлдөө, ажилдаа үнэнч. Бид байнга холбоотой байж, Япон-Монголын олон улсын хавдрын мэс заслын хурлыг Улаанбаатарт 3 удаа зохион байгуулсан.

Элэг цөс нойр булчирхайн тасгаа 2007 онд байгуулсан. Жиле багшийнхаа захиснаар өөрийн сурсан мэдсэнээ шавь нартаа заасаар ирсэн. Мэс заслын эмч нар өмнөх үеэсээ арга туршлага өвлөн авдаг уламжлалтай. Өмнөх үеийн алдааг хойч үе нь давтдаггүй нь ийм учиртай. Өнөөдөр элэг цөс, нойр булчирхайн мэс заслын 40-өөд хүнтэй бүтэн баг ажиллаж байна. Мэс засал бол багийн ажил, багийн амжилт. Ганц нэг хүний ур чадвар биш бүтэн багаараа гар, сэтгэл нийлэн, элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн хүч. Залуу эмч шавь нар минь бүгд хоёр гадаад хэлтэй. Манай тасгийн залуу эмч нарын мэддэг хэлийг жагсаавал

англиас гадна франц, орос, турк, солонгос, япон гээд явж өгнө. Би шавь нартаа гурван болзол тавьдаг. Гадаад хэл эзэмших, ажил, амралтын өдөр ялгалгүй хүнээ анхаарах сэтгэлтэй, мэргэжлийн ном, бүтээлийг уншиж судалдаг байхыг шаарддаг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Өмнөх үеийн эмч нар минь нүцгэн гараараа өвчний өөдөөс тэмцэж, өөрсдөө өвчин, халдвар их авсан. Хойч үеийнхэн маань 10 жил сурна, цалин бага, эрсдэл ихтэйг нь мэдсээр байж эмч хүний зам мөрийг сонгосонд нь баярладаг. Тэд маань өнөөдөр хаанахын хэнээс ч дутахгүй итгэл даах баг, шилдэг сайн эмч нар болон өсч өндийжээ.

Эрдэмт багш нар, аав ээж, ахмад үеийнхэн, алтан гарт анд нөхдийн минь буян, өөрийн жаахан авьяас, хичээл зүтгэлээр дэлхийн мэс засалчдын хурал чуулганд илтгэл тавьж, өгүүлэл хэвлүүлсээр ирлээ. Орос, Казахстанд улирал бүхэн урилгаар очиж төлбөртэй хагалгаа хийж, арга туршлагаа заадаг. Хүүхдийн сургалтын төлбөр, амьдрал ахуйд ч тустай. Өөрийн хөлс хүчээр олсон талх амттай гэдэг. Монгол хүн ирнэ гэхэд эхэндээ гайхаж л байсан. Орос, казах эмч нарт зөвлөгөө өгнө гэдэг миний биш Монголын эмч нарын

нэр төр, Монголын анагаах ухааны амжилт юм шүү. Монголчууд гадаадад мэс засалд явах биш Монголд ирж хагалгаанд орох өдөр цаг хол биш. Орчин нөхцөл, тоног төхөөрөмж, санхүүгийн эрх чөлөөг нь бүрдүүлээд өгчихвөл монгол эмч нар чадалтай. Өнөөдөр хүчирхэг гүрнүүд коронавирусны цар тахлын өмнө сөхөрч байхад Монгол Улс дэлхийд ганцаараа дотоодын халдвараас хамгаалж чадаж байна. Монгол эмч нар, монголчууд эвлээд бүтээвэл чадна гэдгийн яруу тод баталгаа.

 

Хүсэлт илгээх