card

 

2001 оноос Монголын хавдар судлалд шинэ үе, шинэ түүх эхэлсэн. Швейцарийн мэс засалчид багаараа ирж, арга туршлагаасаа зааж, 40 тонн чингэлгээр дүүрэн багаж хэрэгсэл бэлэглэв. Багийн ахлагч Абер Харт гуай намайг тоож, Швейцарийн Лузанийн их сургуулийн харъяа Эвердон хотын эмнэлэгт дадлага хийлгэсэн. Тэнд компьютер томографт суралцаж, анх удаа дурангийн хагалгаа бие даан хийж үзсэн. Мэс засалчийн хувьд бүхэл бүтэн шинэ ертөнцийг өөртөө нээсэн минь тэр.

Дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг, профессор Мишель Жиле багшийн тэргүүлсэн баг 2004 онд ирсэн юм. Сургуульд нь дадлага хийж байхдаа уулзах гээд чадаагүй тэр ховор хүн эмнэлэгт минь өөрөө хүрээд

ирэх нь тэр. Дусал цус ч гаргахгүйгээр элэгний 65 хувийг тайрахад нь туслахаар оролцож, гайхан биширсэн дээ. Багш “Би чамд заана, чи бусдад заагаарай” гэж захисан. Үүнээс хойш жил бүр бүтэн сараар өөрийн зардал мөнгөөр Монголд ирж, хагалгаа хийж, зааж сургаж байна. Залуудаа ханиа хорт хавдраар алдаж, 4 хүүхдээ тэврээд үлдэж, зовлон туулсан агуу хүн. "Nestle" компанийн эзэн элэг бүтэн үлдээсэнд нь баярлаж мөнгө өгөх гэхэд нь “Монголд хутга, хайч барьсан хэдэн хүүхэд л ажиллаж байна. Та Монголд л тусалчих" гэж хэлээд 100 мянган еврогийн чек бариад ирсэн хүнлэг сэтгэлтэн. Тэр мөнгөөр нь авсан тоног төхөөрөмж одоо ч үүрэг гүйцэтгэж байна даа. Элэг бүтэн Монголын төлөө эрхэм багшдаа мөргөе!

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, яруу найрагч Ц.Хулан, дуучин Т.Ариунаа, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нартай итгэл, сэтгэл нэгдэн “Элэг нэгт монголчууд” хөдөлгөөнөө 2015 онд үүсгэн санаачилсан. Элгэн садан түмнийхээ төлөө элгэн халуун сэтгэлтэй бүсгүйчүүддээ баярлаж бахархаж явдаг шүү. Хавдар судлалын үндэсний төвийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмжтэй болгох том зорилго тавьсан. Ард түмэн, төр засаг хүчээ нэгтгэж 1 тэрбум 64 сая төгрөг цуглуулж, тоног төхөөрөмжөө авсан. 2018 оноос хойш 21 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Анхны хүнд мэс засал хийхэд телевизээр шууд дамжуулсан. Нэр төр, ажил, амьдралаараа дэнчин тавьсан хүнд сорилт байсан боловч бид элэг бүтэн давсан. Манай багийн мэс заслын дараах хүндрэл 0,9 хувь байдаг нь дэлхийн дундажаас 2-3

дахин бага. Мэс заслын баг шавь нарын минь хамтын амжилт, элэг бүтэн амьдралын төлөөх зүтгэлийн үр дүн юм шүү. Элэг нэгт монголчууд сан Сонгинохайрхан дүүрэгт 8 га газар эзэмших гэрээнд гарын үсэг зурсан. Туул голын эрэг хөвөө дагуу, дэд бүтцээсээ нэгхэн км зайтай, 8 га цэлгэр уужим энэ газар дээр иж бүрэн шинэ эмнэлэг босно.

Элэг бүтэн амьдралын төлөө элгээ хувааж хань ижил, ээж аавдаа өгдөг монгол бүсгүйн агуу хайрыг шүтэн биширч явдаг. Гадаад улс оронд ийм элгэн сэтгэл дутагддаг. Та бүхэн энэ хаврын нэгэн сайхан жишээг санаж байгаа байх. Дуучин Сарнай, Чинбаа хоёрын түүхийг хэлж байна. Солонгост хийлгэсэн мэс засалд нь очиж оролцсон юм. Чинбаа, Сарнай хоёр минь элэг бүтэн болсон шүү дээ.

Хүсэлт илгээх