card

 

Би эрүүл мэндийн салбарт асрагчаас эхлэн эмнэлгийн дарга хүртэл 30 жил ажиллаж ирлээ. Ажил, амьдрал минь, алдаа оноо, амжилт бүхэн минь эмнэлэг, эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой.

Зовлон жаргал, зорилго хүсэл нэгтэй 53 мянга гаруй эмч, сувилагчийн цалин хөлс, орон сууц, нийгмийн хамгаалал, ажлын орчин нөхцөл, эрх ашгийг нь төрд төлөөлөн хамгаалж, УИХ-д хүчтэй дуу хоолой болох нь эрх мэдэл биш эрхэм үүрэг. 1992 оноос хойших 7 удаагийн УИХ-д сонгогдсон 532 гишүүн дунд 7 эмч байсан. Хагас зуун мянган хүнтэй, 3 сая гаруй ард түмнийхээ энхийн манаанд зүтгэж яваа өнөр том бүлийн дуу хоолой үгүйлэгдсээр байна.

Төрийн бодлого шийдвэрийг батлахад эмч хүний оролцоо дутаагүй бол наад зах нь олон, олон эмнэлгийн барилга ашиглалтад орох байсан гэж би үздэг.

Эмнэлгүүдийн төсөв мөнгө, тоног төхөөрөмж, сургалт дадлага, орчин нөхцөлийг өөд нь татаж, хураагдаж овоорсон, хүсэн хүлээсэн асуудал бэрхшээлийг даван туулахын төлөө хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачлах хууль, хийх ажил их байна. Эмч сувилагч, эрүүл мэндийн салбарын эрх ашиг бол элэг нэгт бүх монголчуудын хүсэл сонирхол билэ

 

ҮР ХҮҮХДЭДЭЭ ҮЛДЭЭХ ӨВ МИНЬ ЮУ ВЭ?

Би гурван сайхан охинтой, ганц бяцхан хүүтэй. Би эцгийн хувьд хүүхдүүддээ үлдээх өв минь юу вэ? Орон сууц, барьж яваа хөөрөг минь үү? Энэ бүхэн эцгээс үлдэх үнэт өв мөн үү? Том охин минь насанд хүрсэн, ихэр охид 16-тай, хүү минь гурван ойтой, харин би 48-тай. Цаг хугацаа урсаж, нас ахина. Өвгөн болно, өвчин ороох л байх. Хорин жилийн дараа хүү минь намайг үүрээд, охид минь гараас хөтлөөд эмнэлэг бүрийн үүдийг онголзуулж, аавыг минь хэвтүүлээд өгөөч, гавьяат эмч байсан хүн шүү гэж учирлах уу? Солонгост, Америкт эмчлүүлэх мөнгө фэйсбүүкээрээ гуйх уу? Би үр хүүхдэдээ ийм ирээдүй, ийм улс орныг өвлүүлмээргүй байна. Би хүүдээ, охиддоо эмнэлэг,

даатгал нь хүчирхэг эрүүл саруул эх орноо үлдээхийг хүсч байна. Аав нь гайгүй эмч явсан юм бол эх орон нь илүү хүчирхэг эрүүл мэндийн салбартай байх ёстой. Ингэхэд би үе, үе Францын мэс заслын академийн гишүүн, доктор, гавьяат, клиникийн профессор гэж хэлүүлэхээсээ ичдэг. Санаа зовдог. Бүр хор шар буцалдаг. Би гайгүй эмч юм бол яагаад эх орон минь элэг, ходоодны хорт хавдрын үхлээр дэлхийд тэргүүлсээр байх ёстой юм бэ? Элэг нэгт монголчуудаа аварч, энэ зовлонгийн хүрдийг зогсоох ёстой. Элэг бүтэн Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

 

Би 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Айлын дунд хүү. Ах дүү гурвуулаа. Аав, ээж хоёр минь Сүхбаатар аймгийн харьяат. Хоёулаа эрдэмтэн. Аав минь С.Жигжидсүрэн гэж хүн байсан. Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж үлдээсэн, академич хүн. Ээжийг минь Г.Надмид гэдэг. Ноос, ноолуурын толгой цохидог эрдэмтдийн нэг, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор хүн.

Би Зайсан толгой орчим гэр, хашаа байшин байх үед өссөн. Хуучнаар бол орос 23-р сургуулийн бүтээгдэхүүн. Аавын минь нутгийн ах Ж.Шагдарсүрэн хар үүрээр очиж дараалалд зогсож байж сургуульд бүртгүүлж билээ. Монгол цэцэрлэгийн жаал учраас 4 дүгээр анги хүртлээ орос хэлдээ эх орны алтан гурав л авдаг байлаа.

Ангийн багш минь гүйж байж “Сайн” гаргаснаас хойш урам орж сурлага минь эрс сайжирсан. арваа төгсөхдөө тэргүүлэгчдийн эгнээнд жагссан. Би 12 настайдаа өсгөж өндийлгөсөн нагац ээжээ эргэх гэж Хавдрын эмнэлгийнхээ шар байшинд анх удаа хөл тавьсан юм. Эцэж ядарсан ажаагаа харцаар нь л таньсан. “Нурууг минь илээд өгөөч” гэж гуйсан. Илээд өгөхөд “Миний хүүгийн гар чинь яасан сайхан илчтэй юм. Өвчин алга болчих шиг. Эмч болоорой” гэж билээ. Ажаагийн минь энэ үг бүх амьдралыг минь зөгнөсөн. Ачит нагацтайгаа ахиж уулзаагүй ч 22 жилийн дараа

энэ шар байшиндаа эмч болон ирж, ажаа шигээ өвдөж шаналсан хүмүүсийн төлөө ажил, амьдралаа зориулж явна. Би 1990 онд Анагаахын дээдэд шалгалт өгсөн ч тэнцэж чадаагүй. 3-р эмнэлэгт нэг жил асрагчаар ажиллаж, шал угаасан даа. Дараа жил нь тэнцэж, тухай үеийн АУДС-ийн босгыг алхаж билээ. 1997 онд Хавдар судлалын төвдөө дадлагажигч эмчээр ажиллахаар орсон.

Бүтэн жил цалингүй ажиллаад байтал ХСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн захирал дуудаж “Чи эмч болохгүй хүн байна. Энд цагаа дэмий бүү үр” гэж билээ. Аз таарч, Я.Эрдэнэ-Очир багш минь орж ирлээ. “Энэ нөхөр ямар ч шийдвэр, тушаалгүй, энд юу хийж байгаа юм бэ. Одоо явуулъя” гэж багшид хэлэхэд ”Наадах чинь харин ч овоо юм байна лээ шүү ”гэж хэлсний хүчинд би гэдэг хүн ажилдаа үлдэж, бүр цалин авах болсон юм.

Хавдар судлалын төв маань 2000 он хүртэл шилжилтийн хамгийн хүнд хэцүү үеийг туулсан. Захаас оёдлын зүү, утас авч, савандаж угаагаад, спиртэнд байлгаад мэс засалд ашигладаг байлаа шүү дээ. Хагалгаа хийлгэсэн 10 хүний 4-ийнх нь биеийнх нь байдал хүндэрдэг байсан цаг. Элэг цөс, нойр булчирхайн тасаг гэж байхгүй. Р.Сандуйжав багш, туслах эмч А.Тайванбаатар, Н.Юмчинсүрэн хоёртойгоо элэгний мэс заслын ачааны хүндийг ухрах эрхгүй үүрч байсан.

 

Хүсэлт илгээх