Ж. ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ҮР АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

Аливаа улс орны хамгийн үнэт капитал бол хүн. Хүний хөгжилд түүн дотроо нэн тэргүүнд иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах нь тухайн улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйл мөн.  Эрүүл мэндэд хөрөнгө оруулах тухай ойлголт өөрөө маш өргөн хүрээтэй. Зөвхөн эрүүл мэндийн салбарт бус хүний эрүүл мэндэд нөлөөлөх бүх хүчин зүйлд хөрөнгө оруулна гэсэн үг. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулиас нь эхлэн эрүүл мэндийн боловсрол олгоход, эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих ажиллах амьдрах нөхцөл бүрдүүлэхэд, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн аргах хэмжээнд, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд, эцэст нь өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цогцоор үзүүлэх тогтолцоо бий болгох зэрэг багтана. 

Харамсалтай нь манай улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн зардлын хэмжээ жилээс жилд буурсаар байна.  Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харахад дөнгөж 4 хувийг эрүүл мэндэд зарцуулсан байх юм.  Ийм бага хөрөнгө зарцуулж байгаа тохиолдолд эрүүл эрч хүчтэй ажиллах хүчин бий болгож эдийн засгийн өсөлт хүлээх бараг боломжгүй хэрэг. 

2017 онд олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн нэг судалгаагаар эрүүл мэндийн салбарт чиглэсэн арга хэмжээг багцлан “хөрөнгө оруулалтын үр ашиг” гэсэн үзүүлэлтээр нь харьцуулж судалсан байдаг. Судалгааны үр дүнгээс харахад хөрөнгө оруулалтын үр ашиг хамгийн өндөр нь хууль эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх (46.5) эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн (34.2) арга хэмжээ байна. Харин эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчигээ гэх мэт бусад чиглэлүүдийн хувьд хөрөнгө оруулалтын үр ашиг нь 2.2-5.6 байгаа нь сонирхолтой. 

Үүнээс үзэхэд иргэдийн эрүүл мэндийн хамгаалах хууль эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх нь эрүүл мэндийн салбарын хамгийн оновчтой хөрөнгө оруулалт гэдэг нь харагдаж байна.  Харин үүнийг хийх чадамжтай Их Хурал бүрдүүлэхэд эрүүл мэндийн салбарын төлөөлөл нэн чухал.  Иймд надад итгэл хүлээлгэн УИХ-ын гишүүнээр сонговол эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгож, эрүүл чадамжтай иргэдээ түшсэн тогтвортой хөгжлийн төлөө өөрийн бүх хүчин чадлаа дайчлан ажиллах болно.  Та бүхэн дэмжээрэй.